28/05/2026
Би багадаа “Ядуу хүн яаруу байдаг” гэдэг үгийг сонсоод их гайхсан. Хүүхэд байсан болохоор надад яарах чухал ажил гэж байсангүй. Надад бол ажилгүй хүмүүс л яарах зүйлгүй, бас мөнгөгүй харагддаг. Эсрэгээрээ ажилтай хүн яарах зүйлтэй, тиймээс мөнгөтэй байдаг юм шиг санагддаг байв.
Харин сүүлд нь би энэ үгийн утгыг арай өөрөөр ойлгосон.
“Ядуу хүн яаруу байдаг” гэдэг нь мөнгөгүй хүнийг хэлсэн үг биш аж. Өнөөдөртөө, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус, дотроо үргэлж нэг зүйл дутуу мэт хоосон мэдрэмжтэй хүн адгуу, яаруу, тэвдүү амьдардаг. Юу хайж байгаагаа ч бүрэн мэдэхгүй атлаа өдөр бүр ямар нэгэн зүйлийн төлөө уралдаж, өөрийгөө ч, бусдыг ч гүйцэх гэж тэмцэнэ. Тийм хүний ядуурал халаасанд нь биш, дотор нь байдаг.
Явган зорчигч зам гарч байхад хурдаа сааруулаад зам тавьж өгөхчивөл сар руу хөөргөх пуужин нь цагаасаа хоцрох гэж байгаа мэт. Явган замаар тайван алхаж буй хүнийг скутерээр дайрах шахам сүлжиж давхихгүй бол Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх хувьцаа нь унах юм шиг. Урдуураа ганц машин оруулчихвал сая долларын хөрөнгө оруулалт татах хурлаасаа хоцрох гэж байгаа юм шиг уралдацгаах юм.
Юуны төлөө ингэж их уралдана вэ?Бодит байдал дээр бидний цаг тийм өндөр үнэ цэнтэй бил үү?
Бидний цаг бараг л үнэгүй шахамж шүүдээ. Монгол хүний нэг цагийн бүтээмж дэлхийд доогуур үзүүлэлттэй. Гэтэл бид дэлхийн хамгийн өндөр бүтээмжтэй хүмүүстэй уралдах гэж байгаа юм шиг л яарч, бухимдаж амьдарна. Гэтэл өндөр бүтээмжтэй, цагийн өндөр үнэлгээтэй улсуудын гудамжинд хүмүүс бие биедээ зам тавьж өгөөд амар тайван л байдаг.
Үнэндээ бид ингэж яарч ажилдаа очоод Facebook ухдаг. Сандарч гүйж нэг газар олоод утсаа оролдож суудаг. Зам дээр секунд хэмнэх гэж уурлаад, амьдрал дээр сар, өдөр, жилээр нь алддаг.
Бид доторх хоосон орон зайгаа гаднах амжилт, эд зүйл, алдар нэр, бусдын үнэлэмжээр дүүргэх гэж яарсан “ядуу” хүмүүс болсон байх вийдээ.
Бичсэн Ginjbaatar