06/02/2025
№03
Ford 150,000 Bronco-г эргүүлэн татаж буй ГАЙХМААР шалтгаан
Ford Bronco Raptor нь Blue Oval-ийн хамгийн шилдэг бартаат замын жийп хэдий ч хямд өртөгтэй адал явдлыг Badlands болон Sasquatch загваруудаас мэдрэх боломжтой. Гэвч хамгийн сүүлийн үеийн мэдээг харгалзан үзвэл, Ford саяхан илрүүлсэн асуудлаа засах хүртэл та хэт их бартаат замаас зайлсхийх хэрэгтэй болж магадгүй.
Нэгдүгээр сарын дунд үеэр Ford болон АНУ-ын Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын удирдах газар (NHTSA) нь 2021-2024 оны хооронд үйлдвэрлэгдсэн хоёр болон дөрвөн хаалгатай Bronco загварын автомашинуудын арын амортизаторын асуудлаас болж бараг 150,000 машиныг эргүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Хэрэв та 2020 оны 9-р сарын 30-наас 2024 оны 7-р сарын 23-ны хооронд үйлдвэрлэгдсэн Bronco эзэмшдэг бол жолоочийн хаалганы хүрээ дээрх шошгыг шалгаарай.
Энэ хугацаанд Bilstein компани Ford-д Badlands болон Sasquatch багцтай Bronco загваруудад зориулсан арын амортизаторыг нийлүүлсэн бөгөөд энэ нь End Stop Control Valve (ESCV) системийн нэг хэсэг болох нэмэлт сав (external reservoir)-тай байжээ.
ESCV нь илүү дэвшилтэт шахалт болон тэлэлтийн (compression & rebound) процессыг хангадаг бөгөөд анхдагч цохилтыг дотоод системээр зөөлрүүлж, хэт их шахалтад орохоос өмнө гаднаас нэмэлт хамгаалалт үзүүлдэг.
Bilstein-ийн энэ систем нь амортизаторын биед илүү их тос багтаах боломжтой тул поршенгийн хөдөлгөөнийг уртасгаж, хөөсрөлтөөс сэргийлэх азотын шахуургатай поршенийг гадна байрлуулах боломжийг олгодог.
Асуудал нь амортизаторын их бие болон гадаад савыг суурилуулах фланцын хооронд үүсэх зэврэлтэй холбоотой.
Энэхүү зэврэлт нь зөвхөн амортизаторын тос алдалтад хүргэхээс гадна, нэмэлт сав нь бүрэн унаж, зам дээр бусад жолооч нарт аюул учруулах эрсдэлтэй аж.
Гэхдээ бүрэн эвдрэхээс өмнө асуудлыг анзаарах боломжтой. Хэрэв таны Badlands эсвэл Sasquatch загварын арын амортизатор хэвийн ажиллахаа больсон, эсвэл арын дугуйнуудын ойролцоо тосны гоожилтын шинж тэмдэг илэрч байвал, амортизаторын бэхэлгээний холбоос тасарсан байх өндөр магадлалтай. Ийм тохиолдолд та нэн даруй ойролцоох Ford дилер рүү хандах хэрэгтэй гэж зөвөлжээ.
Одоогоор энэхүү эргүүлэн таталт зөвхөн арын амортизаторуудад хамаарч байгаа ч урд тэнхлэгт мөн адил Bilstein амортизатор ашиглагддаг.
Яагаад зөвхөн арын амортизаторуудад зэврэлт үүсэж байгаа талаар албан ёсны тайлбар гараагүй байгаа ч, бидний таамаглаж буйгаар, арын амортизаторууд нь урд хэсгийнхээс илүү их гадны нөлөөнд өртөж цохилт авдагтай холбоотой.
Мөн Bilstein-ийн энэхүү амортизаторууд Ford-ийн бусад загваруудад ашиглагддаг эсэх, эсвэл ижил төстэй нэмэлт сав бүхий амортизаторуудад зэврэлт, салалтын асуудал гарч байгаа эсэх нь тодорхойгүй байна.