27/09/2026
Улаанбаатар гэж нэг их наашаа 10 км, цаашаа 10 км "аварга том" мегаполис хот байна аа.
Заримдаа ч манайхныг харахаар Парисоос Берлин орж бизнес уулзалт хийх гэж байгаа, эсвэл тивийн хооронд ачаа тээвэрлэх гэж байгаа улс шиг л санагдах юм.
Энүүхэнд 2 километрт байх дэлгүүр орж талх авахаараа завал 2 тоннын жинтэй металл авдартаа сууж, хөдөлгүүрээ асаана. Тэгээд 20 минут явах замаа 2 цаг түгжирч, мөлхөж хүрээд, зогсоол олдохгүй дахин 30 минут бухимдаж тойрно. Энэ хооронд хажуугаар нь алхсан хүн аль хэдийн талхаа авчихаад, гэртээ цайгаа уугаад, дугхийгээд сэрж байхад манай хүн "Түгжрэл үнэхээр бүтэхгүй байна аа" гээд машины суудлын бүсээ чангалаад ууртай сууж байдаг.
Та нар бодоод үз дээ:
Алхах: Эрүүл мэндэд тустай, үнэгүй, бас хотоороо аялана. (За яахав, шороо, утаатайг нь эс тооцвол шүү дээ).
Скутер / Дугуй: Уг нь хотын нэг залуусаас нөгөө рүү 15 минут л сум шиг хурдан хүрнэ.
Машин: 3 цаг радио сонсож, өмнөх машины суварга шиг янданг ширтэж, амьдралынхаа алтан цагийг "D" араан дээр гишгэж өнгөрөөх гайхалтай боломж!
Бүгдээрээ яг ямар агуу их алсын аянд мордох гээд байдаг юм бэ? Хотын нэг захаас нөгөө зах руу явахад явган алхсан ч 2-оор эхэлсэн цагт орно биз дээ?
Нийтийн тээвэр эсвэл хоёр дугуйтай юм унахаараа статус буурчих гээд байдаг юм уу, эсвэл зүгээр л төмөр хайрцагтаа түгжигдэж, уур уцаараа бадраах далд хоббитой болчихсон юм уу?
Арай л биш ээ, нөхдөө. Энэ жижигхэн хотод ядаж 3-хан километрээс дотогш зайд машинтайгаа гарч "түгжрэлийн соёл"-ыг цэцэглүүлэхээ болиод, хөлөө жаахан ажиллуулцгаавал яасан юм бэ?