16/10/2025
Хүйтэн улиралыг машин чинь давах уу?
Өвөлдөө найдвартай явахыг хүсвэл энэ 8 зүйлийг заавал мөрдөөрэй.
Монголын өвөл бол зүгээр нэг хүйтэн биш — аймаар хүйтэн, –40°, мөсөн зам, урт шөнө, богино өдөр.
Тийм болохоор машиндаа зүгээр “өвлийн дугуй” углачихаад зүгээр сууж болохгүй шүү. Бид жил бүр хүйтэн орж эхлэхэд дараах хэдэн зүйл заавал хийдэг. Таньд ч хэрэг болно гэж итгэж байна
1️⃣ Хөдөлгүүрийн тос, антифризээ шалга, соль.
Хэрвээ сүүлийн тос сольсноос хойш 8 мянган км орчим явсан бол шинэ тос хийгээрэй.
Өвөл “0W” эсвэл “5W” гэсэн тэмдэглэгээтэй тос илүү тохирдог — хүйтэнд шингэнээрээ байж моторыг амархан тосолж асаана.
Антифризийн өнгө булингартаж, хөөсөрсөн бол даруй солих дохио шүү.
2️⃣ Хаалганы резин, түгжээ, усны хоолойг мартуузай
Бага зэргийн силикон тос аваад хаалганы резин, цоож, толины үеийг тослоорой.
Энэ жижигхэн алхам өвөл өглөө хаалгаа хүчээр нээхгүй, резин урагдахгүй байхад тусална. Бас бензин банкны тагаа тосолчихоорой, хөлдөөд онгойхгүй балрах тохиолдол бий.
Мөн борооны усны хоолой бөглөрөөгүйг шалгаарай — хөлдөж мөстөнө гэдэг “бяцхан асуудал” биш шүү.
3️⃣ Машинаа хүйтэнд угаах бол болгоомжтой бай.
Монголд өвөл машин угаалга бараг “тамлах” маягийн үйлдэл юм.
Хэрвээ угаах гэж байгаа бол дулаан гараашид, угаасны дараа бүрэн хатааж байж гаргаарай.
Гадаа –20°–т угаавал лак, будаг, бүрээс бүгд гэмтэх магадлалтай. Өдөр угаалгаад тэр чигт нь гаргаад хонуулчихвал өглөө нь юу болдгийг бид бүгд сайн мэднэ.
4️⃣ Дугуйгаа шалга — “4х4х4” дүрмийг сана
✅ Дугуйн нас — 4 жилээс хэтрэхгүй
✅ 4 ижил дугуй
✅ Хээний гүн — 4 мм-ээс дээш
Хотын нөхцөлд хадаасгүй дугуй илүү тухтай, чимээ бага. Харин хөдөө, мөстэй замд шипитэй дугуй найдвартай байдаг.
5️⃣ Кузовоо хамгаал, зэвэнд “хоол” бэлдэж болохгүй
Замын давс, реагент бол кузовын хамгийн том дайсан.
Хэрвээ боломжтой бол “жидкое стекло” эсвэл керамик хамгаалалт хийлгээрэй — 4–6 сар хамгаална.
Хэрэв гараараа хүрэхэд кузов ширүүн санагдвал — зүгээр угаагаад өнгөрөх биш, гүн цэвэрлэгээ хийлгэх хэрэгтэй гэсэн үг.
6️⃣ Аккумулятороо анхаар — хүйтэнд хамгийн түрүүнд “өөрийгөө хаядаг” нь тэр
Өвөл асаалт муудах гол шалтгаан бол сул аккумулятор.
🔋 Хүйтэн болохоос өмнө цэнэг, электролитээ шалгуулаад, нэг сайн “цэнэглэлт” хийлгэчих.
Хэрвээ өдөрт богинохон зайд явдаг бол — цэнэг бүрэн нөхөгддөггүй, анхаараарай. Хааяа холхон явж машинаа сайн хөдөлгөж байх ёстой байх нь.
7️⃣ Шил арчигчаа соль, сайн “незамерзайка” хэрэглэ
Хуучин “арчигч” хатаж, хатуураад бараг шил зурах шахдаг.
Шинэ, зөөлөн иртэй шил арчигч солиод, чанартай –30°С баталгаатай шилний шингэн хэрэглээрэй.
Хуурамч хямд шингэн –15° хүрэхэд л хөлддөг шүү!
8️⃣ Машинд чинь дараах “өвлийн комбо” байвал санаа амар.
• Цасны щетка ба мөс хусагч
• Жижиг лопата
• Резинэн шалавч
• Холбогч (стартерийн утас)
• Силикон тос, замын гинж
• Дулаан бээлий, куртка
• Хөл гар бүлээсгэгч нэг удаагийн хэрэгсэл
• Хүйтэнд дугуй нөхнө гэж тооцвол олигтойхон дорцов, домкрат
• Татлага, холбогч, дугуй хийлэгч байвал маш сайн
Хөдөө явах бол антигель авч яваарай — дизель түлш хөлдөхөөс сэргийлнэ.
💬 Нэмэлт зөвлөгөө:
• –10°С-ээс доош үед радиаторын урд “хавтас” (загварлаг хаалт) тавьж болно.
• Машины хучлага бол богино хугацаанд зогсох үед л тус болдог. Жишээ нь нэг шөнийг давахад яг болно.
• Аккумуляторт зориулсан дулаан бүрхүүл –30°–т маш үр дүнтэй.
🔥 Хөдөлгүүрийг халаах хэрэгтэй юу?
• Орчин үеийн тос, системүүдийн ачаар удаан халаах шаардлагагүй.
• Зүгээр л мотор тогтвортой ажиллаж эхэлмэгц хөдөлж болно.
• Харин эхний 5–10 минутанд огцом гишгэлт хийхгүй байхад анхаараарай.
• Явахдаа ч гэсэн эхний 10 минут огцом хөдлөх хэрэггүй, хөлдөө амортизаторыг хайрлаарай.
🌬 Кондиционерыг өвөл асаа!
• Сард нэг удаа, 10 минут ажиллуул — компрессорын тосолгоо хийгдэж , хавар эвдрэл гарахгүй.
• Мөн цонх хөлөрсөн үед AC асаах нь хамгийн хурдан шийдэл.
🛻 Дизель машин унадаг бол
• Зөвхөн өвлийн түлш хий.
• Орчин үеийн дизель машинууд цахилгаан халаагчтай учраас салон хурдан дулаацдаг.
• Хэрвээ хүсвэл урьдчилсан халаагч (Webasto гэх мэт) суурилуул — түлш бага зарцуулдаг, байгальд ч ээлтэй.
💬 Та өвлийн бэлтгэлээ хийсэн үү?•
Хэрвээ танд өөрийн тусгай арга байдаг бол комментод нэмж бичээрэй. Бүгдэд хэрэг болох нь дамжиггүй.