27/09/2026
🇰🇷🇺🇦 Хойд Солонгосын хоёр цэрэг Өмнөд Солонгост шилжсэн асуудлаар БНСУ, Украйны байр суурь зөрөв
Украйнд олзлогдсон Хойд Солонгосын хоёр цэргийг саяхан Өмнөд Солонгост шилжүүлсэн талаар Украйны Ерөнхийлөгч Владимир Александрович Зеленский НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр мэдэгдсэнээр хоёр улсын хооронд маргаан үүсээд байна.
Зеленский 2026 оны 9 дүгээр сарын 23-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Украйнд олзлогдсон Хойд Солонгосын хоёр цэргийг Өмнөд Солонгост шилжүүлсэн талаар анх удаа олон нийтэд мэдээлжээ.
Үүний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён 9 дүгээр сарын 24-нд энэ асуудал нь дипломат харилцаа, үндэсний аюулгүй байдал болон Солонгосын хойгийн нөхцөл байдалд нөлөөлөх маш эмзэг асуудал учраас олон нийтэд нээлттэй мэдээлэхээс зайлсхийх нь зүйтэй байсан гэж мэдэгдсэн байна.
Тэрээр мөн Украйнтай мэдээллийг нууцлах талаар тохиролцсон байсан боловч уг тохиролцоог зөрчин мэдээлсэнд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Гэвч Украйны Ерөнхийлөгчийн Тамгын газар үүнийг өөрөөр тайлбарлав.
Украйны Ерөнхийлөгчийн Тамгын газрын харилцаа холбоо хариуцсан зөвлөх Дмитро Литвин 9 дүгээр сарын 25-нд “ийм тохиролцоо байгаагүй. Энэ бол үнэн биш” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрээр мөн тодорхой олзлогдогчийг хаашаа шилжүүлж байгааг нуух нь өөрөө зөв зүйл биш гэсэн байр суурь илэрхийлжээ.
Гэхдээ Украины талын байр суурь энд ч нэг мөр байсангүй.
Их Британи дахь Украйны Элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Оксана Торов “миний мэдэж байгаагаар ийм нууц тохиролцоо байсан” хэмээн мэдэгдсэн байна.
Түүний тайлбарласнаар Хойд Солонгосын олзлогдогчдын асуудал нь дайны үеийн Украйн болон Өмнөд Солонгосын хамтын ажиллагаатай холбоотой илүү өргөн хүрээний хэлэлцээний нэг хэсэг байсан бөгөөд хэлэлцээний дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээлэх боломжгүй ажээ.
Харин Дмитро Литвин дахин “мэдээллийг нууцлахаар тохиролцсон зүйл байгаагүй” хэмээн хариу мэдэгдсэн байна. Ийнхүү нэг асуудлаар Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч болон Украйны дипломат төлөөлөгчийн байр суурь хоорондоо зөрөв.
🇰🇷 БНСУ-ын тал юу гэж тайлбарлав?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр Украйны тал Зеленскийгийн НҮБ-ын чуулганы илтгэлд Хойд Солонгосын олзлогдогчдын асуудлыг дурдахаар төлөвлөж байгаагаа урьдчилан мэдэгдсэн байна.
Үүний хариуд БНСУ-ын тал олзлогдогчдыг Өмнөд Солонгост шилжүүлсэн тухай мэдээллийг олон нийтэд задруулахгүй байх байр сууриа Украйны талд илэрхийлжээ.
Гэхдээ Зеленский илтгэлдээ яг ямар хэмжээнд мэдээлэл өгөх гэж байсныг БНСУ-ын тал бүрэн мэдээгүй байсан гэж тайлбарласан байна.
📌 Одоогоор тодорхой байгаа зүйл
Украйнд Орос-Украйны дайнд оролцож байсан Хойд Солонгосын хоёр цэрэг олзлогдож, улмаар Өмнөд Солонгост шилжсэн нь олон нийтэд ил болсон байна.
Харин маргааны гол асуудал нь тэднийг Өмнөд Солонгост шилжүүлсэн эсэх биш, харин энэ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байх талаар БНСУ болон Украйн хоорондоо яг ямар түвшинд тохиролцсон байсан эсэхэд төвлөрч байна.
БНСУ-ын тал “нууцлах талаар тохиролцсон” гэж үзэж байгаа бол Украйны Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөгч “ийм тохиролцоо байгаагүй” гэж мэдэгдэж байна. Харин Украины өөр нэг дипломат төлөөлөгч “ийм хэлэлцээ байсан” гэж тайлбарласан байна.
Ингэснээр уг асуудал зөвхөн БНСУ–Украйны хооронд төдийгүй Украйны дотор ч байр суурийн зөрүү үүсгэжээ.