14/03/2025
Жолоодлогын автоматжуулалтын 6 түвшин
Goldman Sachs компанийн тооцоогоор 2030 он гэхэд дэлхий даяарх шинэ машины борлуулалтын 10% хүртэлх хувийг 3-р түвшний тээврийн хэрэгслүүд эзэлж магадгүй гэж үзжээ. Өөрийгөө жолооддог(self-driving) машинууд замын хөдөлгөөнд оролцож эхлэхээс өмнө жолоодлогын туслах(driver assistance) технологийн 6 түвшинг дамжин хөгжих шаардлагатай.
Эдгээр түвшнүүд яг юу вэ? Бид одоо хаана байна вэ?
The Society of Automotive Engineers(SAE) нь жолоодлогын автоматжуулалтын 6 түвшнийг тодорхойлсон бөгөөд энэ нь 0 (бүхэлдээ гар удирдлагатай) түвшнээс 5 (бүрэн автомат) түвшинг хамардаг. Эдгээр түвшинг АНУ-ын Department of Transportation албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
Түвшин 0 (No driver automation - Жолоодлогын автоматжуулалт байхгүй)
Өнөөдөр зам дээрх тээврийн хэрэгслүүдийн ихэнх нь энэ түвшнийх буюу гар удирдлагатай байдаг. Жолооч жолоодлогын бүрэн хариуцах ч энэ түвшинд түүнийг дэмжих системүүд байх боломжтой. Жишээ нь: Ослоос сэргийлэх тоормосны систем. Энэ нь машиныг жолооддоггүй тул автомат жолоодлого гэж тооцогдохгүй.
Түвшин 1 (Driver Assistance - Жолоочийн туслах)
Энэ бол автоматжуулалтын хамгийн доод түвшин юм. Тухайн машин жолоочийн туслах нэг автомат системтэй байна. Жишээ нь, жолоодлого(steer) эсвэл хурд тохируулах (cruise control) байж болно. Adaptive cruise control нь тээврийн хэрэгслийг урд байгаа машинаас аюулгүй зайд байлгах боломжтой учраас энэ түвшинд багтана. Гэхдээ жолооч нь жолоодлого, хурд хасах зэрэг бусад үйлдлүүдийг хянаж байдаг.
Түвшин 2 (Partial Driving Assistance - Хэсэгчилсэн жолоодлогын автоматжуулалт)
Энэ нь жолоочийн дэвшилтэт туслах систем(advanced driver assistance systems aka ADAS). Тээврийн хэрэгсэл өөрийнхөө жолоодлого, хурд нэмэх/хасах хоёуланг нь удирдаж чадна. Гэхдээ жолооч суудалдаа сууж, хэдийд ч удирдлагыг гартаа авах боломжтой учраас энэ нь бүрэн өөрөө жолоодлоготой(self-driving) түвшинд орохгүй. Tesla Autopilot болон Cadillac (General Motors) Super Cruise системүүд энэ түвшинд хамаарна.
Түвшин 3 (Conditional Driving Automation - Нөхцөлт автоматжуулалт)
Энэ түвшний машин илүү ухаалаг болж, орчныг мэдрэх чадвартай.
Машин өөрөө шийдвэр гаргаж, жишээлбэл, удаан явж буй тээврийн хэрэгслийг өөрөө гүйцэж түрүүлэх боломжтой. Гэхдээ хүний хяналт шаардлагатай. Хэрэв систем тухайн үйлдлийг хийх боломжгүй гэж үзвэл жолооч удирдлагыг авах ёстой.
Жишээ:
Audi A8L (Traffic Jam Pilot системтэй) машин энэ түвшний анхны загваруудын нэг боловч АНУ-д хууль, зохицуулалтын асуудлаас болж түвшин 2 ангилалд багтаж байна. Харин Европт жинхэнэ түвшин 3 загвараар худалдаалагддаг.
Түвшин 4 (High Driving Automation - Өндөр түвшний автоматжуулалт)
Хэрэв асуудал гарвал машин өөрөө хариу арга хэмжээ авч чадна (жолоочийн оролцоо заавал шаардлагагүй). Гэхдээ жолооч гар удирдлагыг сонгож болно.
Ихэнх энэ түвшний машинууд хотын замд (хурд хязгаарлагдсан орчинд) бүрэн автомат жолоодлого хийх чадвартай. Энэ түвшний Waymo-ийн өөрөө явагч такси үйлчилгээ (АНУ, Аризонад туршигдсан). Volvo болог Baidu-ийн Хятадад зориулан хөгжүүлж буй автоматжуулсан цахилгаан машин. Magna-ийн MAX4 систем. Энэ технологи нь Lyft компанийн жолоочгүй такси үйлчилгээний машинуудад ашиглагдаж байна.
Түвшин 5 (Full Driving Automation - Бүрэн автоматжуулалт)
Энэ түвшний машин ямар ч хүний тусламжгүй, жолоодлогын бүхий л үүргийг өөрөө гүйцэтгэнэ.
Руль, тоормос, хийн педаль байхгүй.
Ямар ч замын нөхцөлд өөрөө явах боломжтой.
Газарзүйн хязгаарлалт байхгүй.
Одоогоор энэ түвшний машинууд хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа бөгөөд олон улсад туршилтын горимоор ажиллаж байна.
Бид одоогоор ихэвчлэн түвшин 2 (ADAS системтэй) машинуудыг ашиглаж байна.
Түвшин 3, 4 машинууд хязгаарлагдмал нөхцөлд нэвтэрч эхэлсэн. Харин түвшин 5 (бүрэн автоматжуулсан) машинууд хөгжүүлэлт, туршилтын шатанд явж байна.
Эх сурвалж: Synopsys